Сургалтын тоног төхөөрөмж, техникээр маш сайн хангагдсан. Судалгаа хийх зорилготой оюутнуудад маш сайхан боломж гэсэн үг. Мөн чийглэг дулаан уур амьсгал, үзэсгэлэнт байгаль, байгалийн арвин нөөц баялаг ихтэй, ер нь амьдарч суралцахад тун аятайхан.
Биотехнологи өндөр түвшинд хөгжсөн, далай тэнгистэй холбоотойгоор загас агнуур, усан онгоцны жолоодлого, хөлөг онгоцны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн учир аливаа судалгаа шинжилгээг хөхүүлэн дэмждэг. Одоогоор тус улсад хамгийн их “моод”-нд ороод байгаа, эрэлт ихтэй мэргэжил бол анагаах ухаан, эрх зүй, эдийн засаг, инженерийн шинжлэх ухаан зэрэг болно. Зургаан их, дээд сургууль, 25 коллеж, 2 академи, 2 хувийн дээд сургуультай.
Ихэнх хичээл нь норвег хэл дээр явагддаг. Гэхдээ гадаад оюутнууд эхний жилдээ хэлний бэлтгэлд суугаад хэлийг нь сурах боломжтой. Зочид буудал, аялал жуулчлалын менежментээр Осло дахь BI Norwegian School of Management, Берген дахь Norwegian School of Economics and Business Administration, Norwegian School of Hotel Management, Norsk Reiselivsskole (Norwegian Travel and Tourism Academy) болон Norwegian Business School of Trade and Retail Management (NBS) зэрэг сургуулиуд илүү сайн. Сайхан мэдээ дуулгахад, улсын сургуулиудад нь сурахад үнэ төлбөргүй. Гэхдээ хоол, байрны мөнгөө өөрөө төлнө. Эдгээр зардал нь нийлээд жилд бараг 10 мянган доллар болчихдог. Учир нь Норвег бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын нэгд ордог. Гэхдээ оюутнууд хуулийн хүрээнд ажиллах эрхтэй учир зуны амралт, хичээлээс гадуур хийсэн ажлын цалингаараа энэ зэргийн зардлаа нөхөх бүрэн боломжтой.